Балдан Врайбүн хийд

Балдан Бэрээвэн хийд (Baldan Bereeven monastery) Монголын хийд. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт орших Балдан Бэрээвэн хийд нь Сэцэн хан аймгийн Хөвчийн жонон вангийн хошуу, Хэнтийн нурууны Дэлгэрхаан уулын салбар Мөнх-Өлзийт уулын энгэрт, Бат нуурын хойд талд байгалийн үзэсгэлэнт сайхан газар 1777 онд Богдын долоон цоржийн нэг Цэвээндорж номон хан Шар сүм, Цагаан сүмийг байгуулснаар суурь нь тавигдсан гэж үздэг бөгөөд 1813 онд Их Цогчин дуганыг байгуулсан байна. Тус хийд нь цагтаа 8.000 ламтай, халх Монголын зүүн талын жигүүрийн шашин номын зонхилох төв байжээ. Оргил үедээ 4 сургуультай, өдөр бүр ном хурдаг 20 дугантай байсан аж. Бэрээвэн хийд нь Тэгчилэн, Намжил, Чойнхор, Тойсон гэсэн 4 аймагтай, мөн ёг, Дашнайчин дацан, Майдар, Аюуш, Цамба, Лхам бурхадын сүм, Номон хааны хашаа, Лавиран сүм, цорж ламын хашаа, жас, сангууд бүхий байгууламжуудаас бүрдэж байв. Бэрээвэн хийд их хөвч тайга бүхий уулын энгэрт байрласан учир барилгууд нь чулуу, мод голлосон хийцтэй. Мөн хад чулуунд наалдуулан авируулан босгосон байдаг. Майдар бурхны сүм байсны дээд талын элгэн хаданд гэлэн Дамбилбранжабал гэгч соёмбо тэмдэг сийлсэн нь өнөө хүртэл хадгалагдан үлджээ. Цогчин дуган нь 3 давхар, 30 х 30 метр өргөн, 12 метр өндөр, 64 баганатай, боржин чулуун суурьтай, байгалийн чулуугаар бүтээсэн ханатай, сүншгийн, сахиусны, номын, хурлын зэрэг бие даасан хэсгүүд болон гонхны өрөө тасалгаануудаас бүрдсэн Монголын томоохон уран барилгын нэг юм. 1900 оны үед тахал гарч лам нарын тэн хагас нь өртөж үрэгдсэн байна. 1930 оноос шашны эсрэг хэлмэгдүүлэлт эхлэх үед лам нарыг нь баривчилж, байшин барилгыг нь нураан шатааж, бурхан тахилуудыг нь хайлуулж Дэлхийн II дайны бууны суманд хэрэглэжээ. Тэр цагаас хойш бараг 60 жилийн турш хийд рүү хөл хорьсон юм. 1990 онд цөөн тооны хэдэн лам нар Барайвун хийдэд эргэн ирж нутгийн ардуудтай хамтран жижиг модон дуган барьж хурал номыг нь сэргээжээ. Балдан барайвун хийдийн эргэн тойрон байгалийн үзэсгэлэнтэй бөгөөд хад чулуунуудад Очирваань, Жамсран, Ногоон дарь эх, Манзушир, Дамдинчойжоо, Цагаан дарь эх, Бурхан  багш, Богд Зонхов, Соёмбо бэлгэдэл, Аюуш зэрэг бурхад, мөн маань мэгзэм зэргийг сийлэх, товойлгох зэргээр бүтээсэн байдаг нь өнөө үед шашин соёлын үнэт дурсгал болон үлджээ. Цогчин дуганы баруун хойд талд “Эхийн умай” хэмээх сэнжин хад байх агаад хүрч очсон хүн эхээс төрөх, өлгийдүүлэх үйлдлийг хийгээд эцэст нь “хаан суудал” хэмээх хаданд залардаг. Цогчин дуганы урд талд “Ээж мод” хэмээх хадаг яндар бүхий саглагар мод бий. Энэ модонд хүмүүс мөргөж залбиран хүслээ даатгадаг заншилтай. Тус хийдийн орчмын нарс, шинэс бүхий ойтой, нилдээ боржин чулуутай сайхан уулыг арван гурван Сансар уул гэдэг. Мөн хийдээс зүүн урагш замд боржин чулуун дээр товойлгон хийсэн 2:3 метрийн хэмжээтэй Манзушир бурхан байдаг. Өвөр хэсэгтээ сайхан нууртай.

2022-09-14 14:26:15