Сумын товч танилцуулга

1923 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 39 дүгээр тогтоолоор Хан Хэнтий уулын аймгийн Өндөрцагаан уулын хошуунд Дэлгэрхан нэртэй сум байгуулагджээ. 1926 онд Өндөрцагаан уулын хошуу, Биндэръяа хан уулын хошуутай нийлэхэд Дэлгэрхан сум нь Өмнөдэлгэр хан сум хэмээн нэрлэгдэх болов. Учир нь Өндөрцагаан уулын хошууны Дэлгэрхан /одоогийн Өмнөдэлгэр/ сум, Биндэръяа хан уулын хошууны Дэлгэрхан /одоогийн Хэнтий/ сум нь нэг засаг захиргааны харъяалалд орж ижил нэртэй хоёр сум бий болсноос газарзүйн байршлаар нь Хойд Дэлгэрхан, Өмнөдэлгэр хан гэж нэрлэх болжээ. БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн 1931 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 5 дугаар тогтоолоор Хан Хэнтий уулын аймгийн Биндэръяа хан уулын хошуунаас сум байгуулахаар шийдвэр гарч мөн оны 04 дүгээр сарын 29-нд Өмнөдэлгэр сумыг шинэчлэн байгуулсан байна.
1956 онд Дундбаян сум татан буугдахад 5 дугаар баг нь Хэнтий, 3, 4 дүгээр баг нь Өмнөдэлгэр суманд шилжиж ирсэн. БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1982 оны 11 дүгээр сарын 272 дугаар зарлигаар Хурхын САА-г харъяалуулан Гурванбаян сумыг Өмнөдэлгэр сумаас тасалж байгуулсан юм. 1998 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Өмнөдэлгэр сумын ИТХ-аас гаргасан тогтоолд сум нэгтгэх талаар хөдөлмөрчдийн дунд санал асуулга явуулж, санал асуулгын дүнд үндэслэн Гурванбаян сум татан буугдаж Өмнөдэлгэр суманд харъяалагдсан ба 2008 оноос тосгоны эрх хэмжээтэй болж, Өмнөдэлгэр сумын VII дугаар баг болсон. Одоогийн байдлаар Өмнөдэлгэр сум нь (тосгонтойгоо нийлээд) төсвийн 10 байгууллагатай, 52 ААНэгжтэй, 9 ТББ-тай, мал аж ахуй, газар тариалан хослуулан эрхэлж байгаа ба Хэнтий аймгийн газар тариалангийн төв бүс буюу аймгийн хэмжээний газар тариалангийн талбайн 80 хувь нь тус суманд байна. 
Өмнөдэлгэр сум 6070 хүн амтай, 6 баг, 1 тосгонтой Хэнтий аймагтаа 3 дугаар байранд ордог томоохон сум юм. Малын тоогоороо 2017 онд улсад 2 дугаарт, 2015, 2016, 2018, 2019, 2020, 2021 онуудад улсдаа тэргүүлж байна.

2022-04-23 15:25:54