ӨМНӨДЭЛГЭР СУМЫН БЭЛГЭДЭЛ СҮЛД ТЭМДЭГНИЙ ТАЙЛБАР
Хэнтий нурууны өвөрт орших Өмнөдэлгэр нутгийн шүтээн бол төрийн тахилгат Бурхан Халдун хайрхан уул юм. Бурхан Халдун уулын цаст оргил дээрх, уулын доод овоо байрлах хажуу, хошууг Монгол хээ мөнх орших бэлгэдэл түмэн наст хээг оруулан дүрсэлсэн.
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт орших Балдан Врайбүн хийд нь Сэцэхан аймгийн Хөвчийн жонон хошуу Хэнтий нурууны Дэлгэрхаан уулын салбар Мөнх-Өлзийт уулын энгэрт, Батхөл нуурын хойд талд байгалийн үзэсгэлэнт сайхан газар 1777 онд Богдын долоон цоржийн нэг Цэвээндорж номонхан Шар сүм, Цагаан сүмийг байгуулснаар суурь нь тавигдсан. Ар халхын Цагаан утай гүмбэн Балдан Врайбүн хийд 9 гайхамшигт ордог бөгөөд нутаг усныхаа бахархал учраас багтааж оруулсан.
Хийдийн доорх цагаан зурвас, ерөнхий дугуй хэлбэр нь нар сарыг бэлгэдэж, цагаан өнгө нь цэвэр ариун, ногоон өнгө нь байгалийн өнгийг илэрхийлсэн.
“Улсын тэргүүний Өмнөдэлгэр сум” нэрийн дунд байрлах 14 алтан дүрс нь Монгол бөхийн аварга, арслан цолтны малгайн залааг дүрсэлсэн нь цолтой бөхийн удам угсаа мөнхөд үргэлжлэхийн бэлэгдэл юм. Мөн 14 алтан дүрсийг үр тариагаар илэрхийлсэн нь үржих дэвжихийн бэлгэдэл юм.
Дугуй хэлбэрийг тойруулсан нар зөв эргэлттэй гурван тууз нь Хэрлэн, Онон, Туул гурван голын бэлчир Их Монгол Улсын гал голомт мөн гэдгийг илэрхийлсэн. Гурван голын эргэлтэнд үргэлж ариун дагшин, унаган төрхөөрөө байж бүхнийг тэтгэж, ард иргэд нь баян чинээлэг урагшаа тэмүүлж, нутгийн сүр хүчийг бадрааж мөнхөд тасралтгүй үргэлжлэхийн ерөөл бэлгэдэж байрлууллаа.
СҮЛД ТЭМДЭГНИЙ ӨНГӨНИЙ БЭЛГЭДЭЛ
Сүлдийг “эцэг өнгө”-ний хөх, ногоон, улаан өнгө, “Эх өнгө” болох цагаан өнгө, өнгөлөг бүлгийн өнгө буюу Сүлд өнгө болох Алтан өнгө гэсэн өнгөний иж бүрдлийг ашиглав. Өнгө сонголтын учрыг тайлбарлавал:
Цагаан өнгө: Монголчууд цагаан өнгийг эрхэмлэн бэлгэдэж цагаан идээ, цагаан сар, цагаан туг, сүүн цагаан санаа, цагаан сэтгэлт хүн гэх мэтчилэн нэрлээд цагаан өнгө нь хиргүй тунгалаг ариун чанар гоёмсог сайхан, энэрэнгүй, аз жаргал илэрхийлдэг өнгө гэдэг.
Ногоон өнгө: Хүйтэн дулааны нийлбэр болсон ногооныг үйл бүтээх өнгө гэж эрхэмлэдэг. Ногоон өнгө хөгжил дэвшил, урт нас, идэр залуугийн бэлгэ тэмдэг дэлгэрч цэцэглэхийг бэлгэдсэн тайван өнгө гэнэ.
Улаан өнгө: Монголчууд эртнээс улаан өнгийг халуун дотно, баяр баясгалан баатарлаг, зориг сүр жавхланг илтгэдэг хэмээн халуун амь, мандах улаан наран гэж бэлгэддэг. Монгол төрийн голомт өнгөрсөн, одоо, ирээдүй цагтаа үргэлж цэгц тунгалаг байхын бэлгэдэл болгож улаанаар дүрсэлдэг.
Хөх өнгө: Мөнх хөх тэнгэр, гол нуур усыг, мөнхөд орших утга санаа агуулсан өнгө буюу энх амгалан, бат бэх, үнэнч, тогтвортойн бэлгэдэл гэж үздэг.
Алтан өнгө: Алтан өнгө нь нарны өнгө бөгөөд өнгөний сүлд юм. Тиймээс эд баялаг, эрх мэдлийн өнгө гэж бэлгэддэг.
СҮЛД ТУГ
Сумын туг нь цэнхэр өнгөтэй байх бөгөөд сумын сүлдийг гол нь байрлуулсан байна.
Тугны өргөн урт нь 90:180 см-ын харьцаатай, сүлдний өндөр нь тугны өндрийн тал нь байна. Сумын тугийг ёслол хүндэтгэлийн, хүндэтгэлийн гэж 2 төрлөөр хийж болох бөгөөд ёслол хүндэтгэлийн тугийг тойруулан алтан нарны цацрагийг төлөөлүүлэн цацаг хийж болохоор загварыг бүтээв.
Нар хур тэгширсэн Миний нутгийн хоймор болох Хан Хэнтий Бурхан Халдун уулын хормойд ургах нарны алтан заларч, их гурван голын бэлчир Их Монгол улсын гал голомтыг сахин суугаа Улсын тэргүүний Өмнөдэлгэр сумын гал голомт үргэлж ариун дагшин, баян тансаг байж, төрийн бодлого цэгцтэй, түмэн олон минь амгалан байхын ерөөл талбиж “Сүлд”-ийг бүтээж мөнхжүүлэхийг зорилоо.
2022-09-14 17:24:22