Цэцэрлэгийн танилцуулга

Өмнөдэлгэр сумын хүүхдийн цэцэрлэг (Kindergarten of Ömnödelger Soum) Монголын Сургуулийн өмнөх боловсролын байгууллага. Өмнөдэлгэр сумын цэцэрлэг нь1958 онд тус сумын Баянбулаг хэмээх газар 20 гаруй хүүхэдтэй 4 багш, ажилчидтай “Нэгдлийн хүүхэд асрах байгууллага” нэртэйгээр анх байгуулагдаж эрхлэгчээр Б.Осгон томилогдон ажиллаж байжээ. 1960-аад оны сүүлээр ясли цэцэрлэгийг тусад нь ажиллуулах шийдвэр гарч яслийн эрхлэгчээр Б.Осгон, цэцэрлэгийн эрхлэгчээр М.Сосор нар томилогдон ажиллаж байсан бөгөөд Г.Лувсанжамц, Ж.Сэдэд, Д.Уртнасан, Ц.Ганцэцэг эрхлэгчтэй хамт олон нэг зорилгын дор Өмнөдэлгэр сумын сургуулийн өмнөх боловсролын суурийг тавилцсан байна. “Шинэ өрнөлт” нэгдлийн цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан Б.Уртнасан нь сумын хамгийн анхны цэцэрлэгийн мэргэжлийн багш юм.  1972 онд улсын төсвийн санхүүжилттэй болж 1975 онд айргийн энгэр хэмээх газар Монгол Улсын Хүүхдийн төлөө сангийн хөрөнгө тусламжаар 75 хүүхдийн хүчин чадалтай шинэ барилга ашиглалтад орж сургалтын орчин багш нарын ажиллах нөхцөлд ахиц гарсан бөгөөд 1980 онд 11 багш ажилтантай “Ясли цэцэрлэгийн комбинат” болон өргөжиж эрхлэгчээр Л.Мягмар, Б.Юмчигсүрэн, Ц.Чанцалмаа, Т.Оюунцэцэг, Ц.Тунгалагмаа, Б. Долгор, Ч.Нямрагчаа нар ажиллаж байжээ. 1990-2003 онд Н.Энхцэцэг, Н.Буянхишиг, Л.Оюун, Г.Ганцэцэг, Ц.Одгэрэл, Наранцэцэг, К.Түмэндэлгэр, З.Должинжав, М.Сугар нарын эрхлэгчтэй хоёр бүлэгт 50 хүүхэдтэй, 9 багш ажилтантай 2004-2009 онуудад Л.Цэцэгмаа эрхлэгчтэй хоёр бүлэгт 84 суралцагч, 11 багш ажилтантай үйл ажиллагаагаа зохион байгуулж байсан бөгөөд 2005 онд цэцэрлэгийн үндсэн бүлэгт хамрагдаагүй малчдын хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамруулах анхны зуны гэр цэцэрлэгийн сургалт үйл ажиллагаа эхэлсэн. 2009 онд Дэлхийн зөн Монгол орон нутгийн хөтөлбөр, Боловсрол соёл шинжлэх ухааны яамны хамтарсан санхүүжилтээр 100 хүүхдийн хүчин чадалтай барилгын өргөтгөл ашиглалтад орж эрхлэгчээр О.Ганцэцэг томилогдон зургаан бүлэгт 160 суралцагчтай, хичээлийн хоёр байртай, 26 багш ажилтантай үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн. 2010-2012 онуудад Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалттай “ Хөдөөгийн нүүдэлчин болон шилжин суурьшсан иргэдийн хүүхдэд Сургуулийн өмнөх боловсрол олгох” төсөлд хамрагдан гурван гэр цэцэрлэгийн иж бүрдэл тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт хийгдэж гурван гэр бүлэг нэмэгдсэн нь сумын сургуулийн өмнөх бага насны хүүхдүүдийн цэцэрлэгийн хамран сургалтад чухал нөлөө үзүүлжээ. 2012-2019 онуудад сумын ард иргэдийн эрэлт хэрэгцээ байгууллагын нөөц боломжид тулгуурлан найман гэрт дөрвөн бүлэг, 100 хүүхдийн хичээлийн байранд таван бүлэг, нийт есөн бүлэгт 270 суралцагчтай, 36 багш ажилтантайгаар сургалт үйл ажиллагаагаа амжилттай зохион байгуулж байсан. Тус онуудад сумынхаа сургуулийн өмнөх насны нийт хүүхдийн 66 хувийг үндсэн сургалтад хамруулж, цэцэрлэгт хамрагдаагүй, хамрагдах боломжгүй малчин болон алслагдсан өрхийн 130 гаруй хүүхэд буюу 30 гаруй хувийг таван багт зуны гэр цэцэрлэгийн хэлбэрээр СӨБ-ын үйлчилгээнд хамруулж жилд дунджаар тойргийн нийт хүүхдийн 97 хувьд нь сургалт үйл ажиллагаагаа хүргэн ажилласан бөгөөд арга зүйч, дуу хөгжмийн багшийн орон тоо нэмэгдэн, 100 хувь мэргэжлийн багшаар хангагдсан нь сургалт үйл ажиллагааны хүртээмж чанар дээшлэхэд маш их түлхэж болж өгсөн. 2020 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 200 хүүхдийн барилгын өргөтгөл ашиглалтад орж 300 хүүхдийн хүчин чадалтай болсон нь тойргийн хүүхдүүд үндсэн сургалтад бүрэн хамрагдах нөхцөл бүрдэж сургалтын хүртээмж чанарт, сургалтын орчинд ахиц дэвшил гарсан мөн арга зүйч, дуу хөгжмийн багш, биеийн тамирын багш, бүлгийн багш 11, туслах багш 11, нярав, архив бичиг хэрэг, сантехникч, тогооч 3, жижүүр 3, үйлчлэгч 2 нийт 37 багш ажилтантай бүтэц хүчин чадал нь өргөжсөн. Тус цэцэрлэгийн нэршил анх 1958 онд “Нэгдлийн хүүхэд асрах байгууллага, 1980 онд “Ясли цэцэрлэгийн комбинат”, 1988 онд  Өмнөдэлгэр сумын 14-р цэцэрлэг, 2018 онд Өмнөдэлгэр сумын цэцэрлэг гэж өөрчлөгдсөн байдаг. Өмнөдэлгэр сумын цэцэрлэг нь Дотоод хяналт хариуцсан ажлын хэсэг, Хүүхэд хамгаалал хариуцсан ажлын хэсэг, Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хэсэг, Урлаг уран сайхны хөгжлийг дэмжих ажлын хэсэг, Бие бялдрын хөгжлийг дэмжих ажлын хэсэг, Оюун ухааны хөгжлийг дэмжих ажлын хэсэг, Үйлчилгээ дизайныг хариуцсан ажлын хэсэг буюу багш ажилчдын авьяас билэг, ур чадварт суурилсан долоон ажлын ажлын хэсгийн бүтэц зохион байгуулалттайгаар байгууллагын хүний хөгжлийг ханган, хүүхэд нэг бүрийн хөгжлийг танхим болон сургалтын төвийн хосолсон хэлбэрээр дэмжин, спорт өрөлт, даам, шатраар тогтмол хичээллүүлдэг онцлогтой. 2009-2020 од Монгол улсын сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээний стандарт хангагч “Тор” байгууллага, 2015 онд Хэнтий аймгийн анхны “Оюун ухааны спортыг дэмжигч байгууллага”, Олон улсын Eco-schools Mongolia хөтөлбөрийн 2019, 2020 оны Хүрэл, Мөнгөн гэрэгэ, Хэнтий аймгийн цэцэрлэгүүдийн “Ялалтын гараа-2015, 2016” шатар, даамны тэмцээний тэргүүн байр, “Ялалтын гараа-2014” тэмцээний 2-р байр, Хэнтий аймгийн цэцэрлэгүүдийн урлагийн “Яргуй” наадмын хөгжим төрөлд тусгай байр, 2018 онд “Би страдын дуучин” улсын уралдааны шагналт байр, 2019 онд “Шувуухай” улсын бүжгийн уралдааны тусгай байр, Улсын аварга шалгаруулах “Цодгор хүү”-2015, 2016, 2017, 2018, 2019 оны шатрын тэмцээний тусгай байр, Улсын аварга шалгаруулах 100 буудалт “Даам”-ны тэмцээнээс 5 суралцагч улсын 2-3 дугаар зэрэг, Хэнтий аймгийн Өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнээс 6 суралцагч 2-3-р зэрэг нийт улс аймгийн 2-3-р зэрэгтэй 11 бяцхан тамирчдыг бэлдсэн, 2018 онд Монголын хүүхдийн ордонд 180 хүүхдийн бүтээлийн үзэсгэлэн гаргаж, баруун бүсийн цэцэрлэгийн багш ажилчдыг хамарсан “Монгол наадаан” 2013, 2016 оны томоохон арга хэмжээг хоёр удаа амжилттай зохион байгуулсан. Өмнөдэлгэр сумын цэцэрлэгийн нэршил анх 1958 онд “Нэгдлийн хүүхэд асрах байгууллага” , 1980 онд “Ясли цэцэрлэгийн комбинат”, 1988 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 14-р цэцэрлэг, 2018 онд Өмнөдэлгэр сумын цэцэрлэг гэж өөрчлөгдөж байв.

2022-09-16 13:47:06