Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Чимэдийн Дашзэвэг
  1. Дашзэвэг, Чимэдийн (Dashzeveg, Chimediin) (1930.07.15-д Монгол, Хэнтий, Өмнөдэлгэрт төрсөн) Монголын уран барималч.  1947 онд Биндэр сумын бага сургуулийг төгсөж,  Баян-Адарга сумын бага сургуульд бичиг үсгийн багшаар хуваарилагдан ажиллажээ. 1948-49 онд Гурванбаян, 1949-50 онд Хэнтий, 1951-54 онд Баянхутаг зэрэг сумын бага сургуулиудад багш, хичээлийн эрхлэгч, захирлын албыг тус тус хашсан. 1958 онд Улаанбаатар хотын Урлагийн сургуулийн уран барималчны анхны ангийг төгсөөд Монголын урчуудын эвлэлийн хороонд хуваарилагдан очиж ажиллажээ. Тэрээр 1958 Дэлхийн Ардчилсан Залуучуудын VI фестивальд Тэмцэл, Сургуульдаа, Малчин хүү зэрэг баримлуудаараа амжилттай оролцсон бол мөн оны намар Москва хотноо нээгдсэн Ардчилсан орнуудын уран бүтээлчдийн үзэсгэлэнд Анчин хүү хэмээх өвөрмөц хийц бүхий баримлаа хийж тавьснаар хилийн чанадад Монгол урчуудынхаа гаргах их үйлсэд хувь нэмрээ оруулжээ. Түүний уран бүтээлийн гол үзэл санаа, зорилго нь эх орноо харийн дайснаас хамгаалан тэмцэж явсан эрэлхэг, баатарлаг охид, хөвгүүдийнхээ гэгээн дүр төрхийг өөрийн ур ухаан, гарын дүй, авьяас билгээрээ үр хойчдоо үлдээн мөнхлөхөд чиглэгдсэн юм. Улсын баатар Даваадорж, Тэгшээ, Лхагвадорж (Ховд), Амарсанаа (Ховд), Улсын баатар Х.Дамба (Хэнтий аймгийн Өмнөдэлгэр), Улсын баатар Даваадорж (Мөрөн хот), "Жанжин Сүхбаатар" (Баруун урт хот), Босоо Самдан (Хэнтийн Баянхутаг сум) зэрэг сүрлэг хөшөөнүүдийн эх загварыг хийж өөрөө оролцон орон нутагт бүтээн босгожээ. Дүрслэх урлагийн монументаль чиглэлийн томоохон төлөөлөгч.  Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртсэн (1999).
2022-09-16 16:47:28