Эзэн Чингис хааны өлгий, Хан Хэнтий нутгаас төрөн гарсан хутагт хувилгаад түүхэнд тэмдэглэн үлдсэн нь цөөн. Жонанбийн ёсны номлол, бүтээл, туурвил гол дамжлагын 14 Ханчэн хэмээх лам нарын нэг Жонан Ханчэн Жамъяан Гончиг Бал Самбуу ламын хойд дүрээр 2007 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын уугуул Цэрэндэжидийн Гантөмөр хэмээх хүү тодорч, өдгөө Жонан Ханчэн Гэгээн хэмээн олон түмнээ алдаршин, Энэтхэг улсын Гоман дацанд 2003 оноос хойш номонд шамдан Чойрын гүн ухааны таван ботийг судлан, суралцаж төгсөөд байна.
Түүний өвөө Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын уугуул Гатангийн Гомбо нь Мандалын хүрээ болон Хүүхэн хутагтын хүрээнд шавилан сууж байсан лам нар байжээ. 1937 онд хүрээ, хийд хаагдаж, цаашид лам байх аргагүй болсон учир төрөлх сумандаа Монгол хэл бичгийн багшаар ажиллаж байгаад, ээжийнхээ хамт Улаанбаатар хотноо шилжин суурьшсан түүхтэй ажээ.
1990 оноос бурхан шашныг шүтэх, бишрэх эрх чөлөө дахин сэргэснээр Дамбадаржаалин хийдэд шавилан сууж, ном буяныг ихээр үйлдсэн буянтай дээдэс байсан юм.
Тэрбээр таван хүүхэдтэй бөгөөд хамгийн бага охин Цэрэндэжидын отгон хүү Гантөмөр нь 1987 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр мэндэлжээ.
Гэгээн бээр гурван настайгаасаан өвөө аав Г.Гомбоор үсэг, бичиг, уншлага ном заалгаж, 1990 онд гурван настайдаа Дамбадаржаалин хийдэд шавилан сууж эхэлжээ.
1996-2003 онд Дашчойлон хийдэд суухын зэрэгцээ МУБИС-ийн лицей 104 дүгээр сургууль төгссөн юм.
2003 оноос Энэтхэг улсын Гоман дацанд сууж, бурхан шашны номыг судлан төгсөж, гавж цол хүртэхээр бэлдэж байна.
2006 онд Гоман дацанд суралцаж байсан номын нэр Лусанчойдаг буюу Цэрэндэжидийн Гантөмөрийг Оройн дээд очир дарь дээрхийн гэгээнтэй Халхын есдүгээр Богд Жавзандамба хутагт болон Даян дэлхийн энх тайвны төлөөлөгч, бүхнийг айлдагч дээрхийн гэгээнтэн 14 дүгээр Далай лам Данзанжамц нар Жонан Ханчэн Жамъяан Гончиг Бал Самбуу ламын хойд дүрээр тодруулж, мутрын тэмдэг, батламж бичиг өгөн, зарлиг буулгаж Хувилгаанаар өргөмжилсөн юм.
2022-08-24 00:00:00